Эрхэм зорилго
Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн тухайн жилийн хэрэгжилтийг хангуулах, хууль тогтоомжийг мөрдүүлэх замаар иргэдийг цэвэр агаартай, эрүүл, аюулгүй цэвэр орчинд амьдрах эрхийг хангах.
Үндсэн чиг үүрэг
Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх, Агаарын чанарыг тодорхойлох, агаарын бохирдолд хяналт, шинжилгээ судалгаа хийх, бохирдуулагч эх үүсвэрүүдээс байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, Дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэх талаар явуулж байгаа төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах, Төр засаг болон Иргэд, олон нийтийг үнэн зөв мэдээ мэдээллээр хангах
Байгууллагын товч түүх
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь анх “Агаарын чанарын алба” нэртэйгээр 2006 оны 10 дугаар сард Нийслэлийн Засаг даргын 444 дүгээр захирамжаар Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дэргэд 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 23-ны 68-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 14-р захирамжаар 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад, 2013 оны 1 дүгээр сарын 22-нд Нийслэлийн Засаг даргын А/75 дугаар тогтоолоор 3 хэлтэс бүхий 26 хүний бүрэлдэхүүнтэй болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж байгаад Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 28-ны 8 дугаар тогтоолоор 3 хэлтэс бүхий 20 хүний бүрэлдэхүүнтэй “Агаарын бохирдолтой тэмцэх газар”, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний 100 дугаар тогтоолоор "Агаарын бохирдолтой тэмцэх газар" болон өргөжин 3 хэлтэс бүхий 39 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Бүтэц зохион байгуулалт
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Агаар цэвэр Улаанбаатар” бүлэгт тус байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэгтэй холбоотой 6 заалт, 2013 оны Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтод 16 заалт тус тус тусгагдсаныг доорх бүтэц, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэн ажиллана.
1. Захиргааны хэлтэс: Байгууллагын дотоод зохион байгуулалт, стратеги төлөвлөлт, бодлогын удирдлагаар хангах, нэгжүүдийн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг тооцох, төсвийн захирагчтай хэлтэс, төрийн захиргааны албан хаагчдын байгуулах үр дүнгийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, шийдвэр гаргуулах, иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг хангуулах, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
2. Бодлогын хэрэгжилтийн хэлтэс: Иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор агаар бохирдуулагч эх үүсвэрийн талаар судалгаа, шинжилгээ хийх, сөрөг нөлөөллийг бууруулах, эрчим хүч, дулаан хангамжийн талаар шинээр нэвтрүүлж буй дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хийн болон шингэрүүлсэн, боловсруулсан түлшний чанар, стандартыг мөрдүүлэх, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
3. Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтэс: Суурин болон хөдөлгөөнт станц, хөдөлгөөнт эх үүсвэр, үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэгцээ зэрэг бүх төрлийн агаар бохирдуулах эх үүсвэрт хэмжилт хийж, тархалтын загварчлал хийх ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.