БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Шин Веон Чул тэргүүтэй төлөөлөгчид нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцлаа.

n.news
2019-07-17 10:15:55
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Шин Веон Чул тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчиллаа. Айлчлалын үеэр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж агаарын чанарыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцсон юм.  Уулзалтын үеэр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар болон нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулга хийсэн. Тэрбээр агаарын чанарыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлуудаас Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс ахуйн хэрэгцээнд хэрэглэхийг бүрэн хориглосныг онцолж дуулгасан. Мөн нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг бий болгож буй гэр хорооллын яндангийн тоог цөөрүүлэх зорилгоор цахилгаан болон хийн халаагуурыг нэвтрүүлэх, дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтцэд холбох зэрэг олон ажил хийж, хэрэгжүүлж байгааг дурьдлаа. Агаарын бохирдлын бас нэгэн томоохон хүчин зүйл болох нийтийн тээврийн хэрэгслүүдээс ялгарч байгаа бохирдлыг бууруулах, зориулалтын шүүлтүүр тавих, хийн хөдөлгүүртэй автобуснуудыг нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдэж байгаа талаар товч танилцуулав. Харин Сөүл хотын ИТХ-ын дарга Шин Веон Чул “Агаарын бохирдлын асуудал бол дан ганц Улаанбаатар Сөүлийн асуудал бус, Зүүн хойд Ази, цаашлаад дэлхий нийтийн асуудал учраас бид хамтын ажиллагаагаа энэ чиглэл рүү хандуулж, асуудлыг хамтран шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой” гэсэн юм.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here