Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ногоон хөгжлийн стратеги, төлөвлөгөө

НЭГ. НОГООН ХӨГЖИЛД ШИЛЖИХ ШААРДЛАГА, ҮНДЭСЛЭЛ

1.1. Монгол Улсын ногоон хөгжлийн чиг хандлага 

 Монгол Улсын хувьд газар нутгийн дийлэнх хэсэг нь байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, байгалийн арвин нөөц баялаг, газар зүйн байршил, байгаль орчиндоо зохицон амьдрах чадвар, соёл, уламжлалын давуу талыг ашиглах замаар ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэх боломж байна. Нөгөө талаас, байгалийн нөөц баялагт тулгуурласан эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн, хүн амын бүтцэд 15-40 насны залуус 47.2 хувийг эзэлж байгаа, нээлттэй, ардчилсан засаглалтай, төрийн бодлого нь тогтвортой хөгжилд хүрэх эрмэлзэлтэй байгаа зэрэг нь ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнийг илтгэж байна.

  Гэхдээ Монгол Улсын ядуурлын түвшин, орлогын тэгш бус хуваарилалт, байгалийн нөөцөд тулгуурласан эдийн засгийн бүтэц, эрчим хүч болон бусад нөөц баялгийн үр ашиггүй, үрэлгэн хэрэглээ, техник, технологийн хоцрогдол, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг байдал зэрэг нь бидэнд томоохон сорилт, бэрхшээл болж байна.

  Иймд “Эхлээд хөгжье, дараа нь цэвэрлэе” гэсэн өнөөгийн хандлагыг өөрчлөн байгальд ээлтэй, хаягдал багатай, үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэн, бүтээмжийг дээшлүүлж, нийгмийн оролцоог хангасан, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгон хүн амын амьдралын чанарыг сайжруулах хэрэгцээ, шаардлага тулгарч байна.

1.2. Монгол Улсын ногоон хөгжлийн үзэл баримтлал

  Дэлхий нийтээр хөгжлийн өнөөгийн хандлагыг өөрчилж, байгалийн нөөц баялаг, экосистемийн үнэ цэнийг хадгалахын зэрэгцээ хүний аж байдлыг сайжруулж ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах, хүлэмжийн хийн ялгарал багатай, үрэлгэн хэрэглээг багасгасан хөгжлийн загварт шилжих  эрмэлзэлийг дэмжин,  Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан, өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хандлага, хэв маягийг өөрчлөх шаардлагатай болсныг ухамсарлаж, байгаль орчинд ээлтэй, оролцоотой эдийн засгийн өсөлтийг хангах буюу байгалийн нөөцийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгалах замаар монгол хүний амьдралын сайн сайхан байдлыг хангах хөгжлийн загварт шилжих гэсэн ногоон хөгжлийн үзэл баримтлалтайгаар Монгол улсын Ногоон Хөгжлийн бодлого 2014 онд УИХ-аар баталсан билээ. 

Байгалийн үр өгөөжийг үнэлж зохистой ашиглах, бүтээмжийг дээшлүүлэх, ногоон хөрөнгө оруулалт, ногоон худалдан авалтыг нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээхэд чиглэсэн ажил, үйлчилгээг өргөжүүлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зэрэг арга механизмыг ашигласнаар ногоон хөгжилд шилжинэ.

Үйлдвэрлэл, үйл ажиллагааны явцад бий болсон байгалийн нөөцийн хэмнэлт, дахин ашиглалтын түвшин, ногоон ажил эрхлэлт, ногоон худалдан авалтын өсөлт болон нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ногдох эрчим хүч, усны зарцуулалт, хүлэмжийн хийн ялгарал, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний экологийн ул мөрийн бууралт зэрэг нь ногоон хөгжилд шилжиж байгааг тодорхойлох гол үзүүлэлтүүд болно.

1.3. Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлого

Улаанбаатар хот нь байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд цаашид хотыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн, иргэдийн оролцоог хангасан, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлсэн тогтвортой хөгжил бүхий хот болгон хөгжүүлэхийн төлөө зорьж байна. Улаанбаатар хотын хөгжлийн алсын хараа нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилт 11 буюу “Хотууд болон хүн амын суурьшлын бүсүүдийг аюулгүй, амар амгалан, тогтвортой байдлаар хангах” болон Зорилт 13 “Уур амьсгалын өөрчлөлт болон түүний сөрөг үр дагавартай тэмцэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авах” гэсэн зорилтуудын биелэлтийг хангахад чиглэсэн билээ.

Улаанбаатар хотын ногоон хөгжлийн алсын хараа 

Улаанбаатар хот нь байгалийн нөөцийн хэмнэлттэй ашиглалт, хүрээлэн буй орчинд ээлтэй зөв дадлыг төлөвшүүлсэн, үндэсний ногоон хөгжлийн бодлогын үзэл баримтлалд тулгуурлан салбар дундын хөгжлийг дэмжсэн, иргэдийн оролцоог хангасан, иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлсэн, ил тод, хариуцлагатай, тогтвортой хөгжил бүхий хот болон хөгжинө.

ХОЁР. ЗОРИЛГО, СТРАТЕГИ ҮЙЛ АЖИЛЛАГАА 

Ногоон хотыг цогцлоохын тулд Улаанбаатар хот 2020 он хүртэл дараах зорилгуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

     1. Цэвэр агаар 

     2. Тээврийн зохистой менежмент 

     3. Хог хаягдлын зохистой менежмент 

     4. Усны аюулгүй байдал 

     5. Эрүүл хөрс 

     6. Ногоон амьдралын хэв маяг

     7. Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвар зэрэг болно 

ЗОРИЛГО 1. ЦЭВЭР АГААР

Зорилт 1.1. Агаарын бохирдлын хяналтын мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах чадварыг сайжруулах 

Стратеги үйл ажиллагаа:

1.1.1. Агаарын бохирдлын мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх аргачлалыг сайжруулж, үндэсний болон олон улсын стандартад нийцүүлэх

1.1.2. Нийслэлийн агаарын чанарын мониторингийн систем, албаны чадавхийг сайжруулах 

1.1.3. Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран агаар бохирдуулагчийн тархалтын загварыг боловсруулах 

Зорилт 1.2. Гэр хорооллоос үүсч буй агаарын бохирдлыг бууруулах 

Стратеги үйл ажиллагаа:

1.2.1. Сайжруулсан зуухны үр ашигтай хэрэглээ, ашиглалтыг дэмжих, хяналт тавих  

1.2.2. Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гэр хорооллын газрыг шинэчлэн төлөвлөх замаар бүрэн үйлчилгээ бүхий амьдрах орчныг бүрдүүлэх, газар ашиглалтын менежментийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх 

1.2.3. Гэр хорооллын дэд төвүүдийг хотын төвтэй холбох тээврийн коридорыг үүсгэж, тэдгээрийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг сайжруулж, нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх 

1.2.4. Дулаан болон цахилгааны хэсэгчилсэн хангамжийг сайжруулах техник эдийн засгийн судалгаа хийх, төвлөрсөн дулаан болон цахилгаан хангамжийг сайжруулах 

1.2.5. Дагуул хотуудын хөгжлийг дэмжих 

Зорилт 1.3. Цэвэр эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх 

Стратеги үйл ажиллагаа:

1.3.1. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар усан цэнэгт цахилгаан станцыг барьж байгуулах 

1.3.2. Хот орчимд салхи, ус, нарны гэх мэт сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, түгээх, хяналт тавих боломжийн талаарх судалгаа хийх, бүтээн байгуулалтын ажлыг төр - хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эхлүүлэх

1.3.3. Шинээр баригдах барилга, байгууламжийн дулаан, цахилгааныг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах болон одоо ашиглаж буй нийслэлийн өмчийн барилга, байгууламжуудын эрчим хүчний алдагдлыг бууруулах чиглэлээр техник, эдийн засгийн судалгаа хийх 

Зорилт 1.4. Эрчим хүчний үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх 

Стратеги үйл ажиллагаа:

1.4.1. Нийслэлийн өмчийн барилга, байгууламжуудад эрчим хүчний аудит хийж, цаашид орон сууцны болон байгууллага, аж ахуйн нэгжийн барилга, байгууламжид эрчим хүчний аудитыг нэвтрүүлэхийг дэмжих 

1.4.2. Нийслэлийн өмчийн барилга, байгууламжид эрчим хүчний хэмнэлтийг нэвтрүүлэх заавар, зөвлөмжийг боловсруулж, мөрдүүлэх 

1.4.3. Шинээр баригдах барилга, байгууламжид барилгын эрчим хүчний хэмнэлтийн норм, стандартыг шинэчлэх, мөрдүүлэх, хэрэгжилтийг сайжруулах  

1.4.4. Барилгын эрчим хүчний хэмнэлтийн үндэсний болон олон улсын стандартыг хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хотод мөрдөгдөх журмыг боловсруулж, мөрдүүлэх 

1.4.5. Эрчим хүчний үр ашиг муутай барилга, байгууламжийн дулааны алдагдлыг багасгах, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох үйл ажиллагаанд  дэмжлэг үзүүлэх

1.4.6. Эрчим хүчний хэмнэлттэй технологийг хувийн хэвшлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх

1.4.7. Эрчим хүчний хэмнэлтийг нэвтрүүлснээр гарах эдийн засгийн үр ашгийн талаар хэрэглэгчдэд мэдээллэх, сурталчлах 

Зорилт 1.5. Тоосжилтыг бууруулах, хотын агаар дахь нүүрсхүчлийн хийг шингээх 

чадварыг сайжруулах 

Стратеги үйл ажиллагаа:

1.5.1. Тоосжилтыг бууруулах зорилгоор сул шороон хөрс бүхий гудамж талбайг зүлэгжүүлэх, эко хатуу хучилттай болгох, хот орчмын шороон замуудыг хатуу хучилттай болгох

1.5.2. Нийслэлийн ногоон бүсийн ойг нөхөн сэргээх, ойн хомстол, доройтлоос хамгаалах

1.5.3. Хотын ногоон бүсийн ойд амралт, зугаалгын бүс үүсгэх 

1.5.4. Хотын ногоон байгууламжийн нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах

1.5.5. Ногоон байгууламжийн арчилгаа хамгаалалтын хууль эрх зүйн орчинг сайжруулах

ЗОРИЛГО 2. ТЭЭВРИЙН ЗОХИСТОЙ МЕНЕЖМЕНТ 

Зорилт 2.1. Нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх 

Стратеги үйл ажиллагаа:

2.1.1. Авто замыг өргөтгөх, нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэлд зориулан чөлөөлөх үйл ажиллагааг үргэлжлүүлэх 

2.1.2. Тусгай замын автобусны үйлчилгээ (Bus Rapid Transit System)-г нэвтрүүлэх 

2.1.3. Парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, одоо ашиглаж буй том оврын автобусыг утаа ялгаруулалт багатай шинэ автобусаар солих ажлыг үргэлжлүүлэх 

2.1.4. Улаанбаатар хотыг дагуул хотуудтай холбох хөнгөн галт тэрэгний (Light Rail Transit) замыг ашиглалтанд оруулах

Зорилт 2.2. Автомашины хэрэглээг бууруулах 

Стратеги үйл ажиллагаа:

2.2.1. Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх 

2.2.2. Утаа хаялтын стандартыг бүх хөдөлгүүрт техник хэрэгсэлд мөрдүүлэх ажлыг эрчимжүүлэх

2.2.3. Хотын автомашины зогсоолын ашиглалтын менежментийг сайжруулах

2.2.4. Улаанбаатар хотод устөрөгчийн болон цахилгаан автомашины цэнэглэх зогсоолын судалгаа хийх, хэрэглээг дэмжих

2.2.5. Улаанбаатар хотод зорчиж буй тээврийн хэрэгсэлд хэрэглэгдэх бензин, шатахууны чанарыг Европын холбооны стандартад нийцүүлэх судалгаа хийх, хэрэгжүүлэх  

Зорилт 2.3. Моторгүй тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх 

Стратеги үйл ажиллагаа:

2.3.1. Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн хүрээнд дугуйн замын сүлжээг байгуулах 

2.3.2. Явганаар аюулгүй зорчих орчин бүрдүүлэх үүднээс авто машингүй гудамжыг бий болгох, шаардлагад нийцсэн явган замыг бүх авто замуудын дагуу барьж байгуулах

ЗОРИЛГО 3. ХОГ ХАЯГДЛЫН ЗОХИСТОЙ МЕНЕЖМЕНТ

Зорилт 3.1. Хог хаягдал дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх

Стратеги үйл ажиллагаа:

3.1.1. Улаанбаатар хотод хог дахин боловсруулах санхүү, эдийн засгийн загварыг боловсруулах

3.1.2. Хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, дахин боловсруулах үйл ажиллагаанд хувийн хэвшлийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх 

3.1.3. Хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, цуглуулах аргачлалыг хувийн хэвшил, ТББ-ын оролцоотойгоор нэвтрүүлэх

3.1.4. Төвлөрсөн хогийн цэгүүдэд байгуулагдах Эко паркийн хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн  суурь судалгаа болон ТЭЗҮ дээр үндэслэн нарийвчилсан зураг төслийг боловсруулж, санхүүжилтийн механизмыг тодорхойлох

3.1.5. ТББ-уудтай хамтран дахивар хогийг түүн цуглуулдаг иргэдийг дэмжих, хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх 

Зорилт 3.2. Аюултай хог хаягдлыг зохистойгоор зайлуулах

Стратеги үйл ажиллагаа:

3.2.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагатай хамтран удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцийг хэрэгжүүлэх

3.2.2. Холбогдох яам болон байгууллагуудтай эмнэлгийн хог хаягдлыг зөв зохистойгоор цуглуулж, устгахад хамтран ажиллах

3.2.3. Холбогдох яамдтай хамтран аюултай хог хаягдлыг зөв зохистойгоор цуглуулж, устгахад хамтран ажиллах 

3.2.4. Мах болон малын гаралтай бусад түүхий эд бэлтгэн, боловсруулах үйлдвэрүүдийн хаягдлыг халдваргүйжүүлэн устгах тусгай зориулалтын цэг байгуулах

Зорилт 3.3. Үнс болон хүнсний хог хаягдлын дахин боловсруулалтыг хөгжүүлэх 

Стратеги үйл ажиллагаа:

3.3.1. Улаанбаатар хотын томоохон захуудын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр судалгааны байгууллагуудтай хамтран судлах, туршилтын төсөл хэрэгжүүлэх

3.3.2. Гэр хорооллын айл өрх, дулааны цахилгаан станцаас ялгарч буй үнсийг дахин боловсруулах үр ашигтай аргыг судлах, практикт нэвтрүүлэх

3.3.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран электрон хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах чиглэлээр судалгаа хийх 

Зорилт 3.4. Олон нийтийн мэдээллийг сайжруулах

Стратеги үйл ажиллагаа:

3.4.1. Улаанбаатар хотын оршин суугчдад 3R (багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах) хог хаягдлын менежментийн зарчмын тухай сурталчлах

ЗОРИЛГО 4. УСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Зорилт 4.1. Усны эх үүсвэрийг хамгаалах

Стратеги үйл ажиллагаа:

4.1.1. Усны экосистем, усны эх үүсвэрийг хамгаалах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх

4.1.2. Туул гол, түүний салбар голуудын эхийг хамгаалалтанд авах, газар олголтгүй бүс болгох

4.1.3. Туул гол, түүний салбар голуудын үзүүлж буй Экосистемийн үйлчилгээний төлбөр авах тогтолцоог бүрдүүлэх

Зорилт 4.2. Ус хангамжийг сайжруулах

Стратеги үйл ажиллагаа:

4.2.1. Туул голын усан цогцолборын суурь судалгаа, ТЭЗҮ-г үндэслэн нарийвчилсан зураг төслийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлэх

4.2.2. Усан хангамжийн төвлөрсөн болон бусад шугам сүлжээний шинэчлэл, өргөтгөлийн ажлыг хийснээр усны алдагдлыг багасгах

4.2.3. Нийслэлийн усны чанарын шинжилгээний нэгдсэн лаборатори байгуулах 

Зорилт 4.3. Усны хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлэх  

Стратеги үйл ажиллагаа:

4.3.1. Ус хэмнэх дэвшилтэт технологийг нийслэлийн өмчийн барилга байгууламжуудад нэвтрүүлэх

4.3.2. Ус ашиглагчдад усны хэмнэлттэй хэрэглээний талаар мэдлэг олгох 

Зорилт 4.5. Цэвэрлэх байгууламжийг сайжруулах

Стратеги үйл ажиллагаа:

4.5.1. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн өргөтгөх, сайжруулах 

4.5.2. Байгальд халгүй технологийн шийдэл бүхий шинэ цэвэрлэх байгууламжийн нарийвчилсан зураг төслийг боловсруулах, барьж байгуулах

4.5.3. Үйлдвэрийн хаягдал усан дахь бохирдуулагчийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнд нийцсэн бохир усыг нэгдсэн ариутгах татуургын сүлжээ рүү нийлүүлэх стандартыг мөрдүүлэх

Зорилт 4.6. Саарал ус ашиглах 

Стратеги үйл ажиллагаа:

4.6.1. Саарал усыг эргүүлэн ашиглах журам боловсруулах, хэрэгжүүлэх

4.6.2. Саарал ус ашиглалтын давуу талууд болон эрүүл мэндийн сөрөг нөлөөгүй болохыг иргэдэд ойлгуулан сурталчлах

4.6.3. Иргэд, ТББ-ууд, хандивлагчдын оролцоотойгоор бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах чиглэлийн туршилтын төслийг өргөжүүлэн хэрэгжүүлэх

ЗОРИЛГО 5. ЭРҮҮЛ ХӨРС 

Зорилт 5.1. Гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах  

Стратеги үйл ажиллагаа:

5.1.1. Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан нүхэн жорлонг ариутгаж халдваргүйжүүлэх, эко жорлонгоор солих

5.1.2. Хэсэгчилсэн цэвэрлэх байгууламжуудыг гэр хорооллын орчимд байгуулах замаар бохирыг татан зайлуулах систем бүхий загвар төслийг эхлүүлэх  

Зорилт 5.2. Их бохирдолттой газруудыг ариутгаж халдваргүйжүүлэх 

Стратеги үйл ажиллагаа: 

5.2.1. Байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд аюул учруулах эрсдэл бүхий хөрсний бохирдолтой газруудад бүсчлэл тогтоох

5.2.2. Их бохирдолттой газруудыг ариутган халдваргүйжүүлэх ажлын суурь судалгаа хийх, ариутгах  

Зорилт 5.3. Үйлдвэрээс үүдэлтэй хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх 

Стратеги үйл ажиллагаа:

5.3.1. Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтэц (цэвэрлэх байгууламж г.м.), үйлчилгээг хөгжүүлж, барилгын материалын болон бусад бохирдуулагч үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх

5.3.2. Эмээлтийн Хөнгөн үйлдвэр технологийн паркийн дэд бүтэц (цэвэрлэх байгууламж г.м.), үйлчилгээг хөгжүүлж, арьс шир боловсруулах, ноос ноолуур угаах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх

5.3.3. Автомашин болон сэлбэг хэрэгслийн худалдааны захуудыг хотын зах руу нүүлгэн шилжүүлэх

5.3.4. Авто засвараас гарсан тос тосолгооны болон хаягдал, материалыг зохистойгоор зайлуулдаг үйлчилгээг сайжруулах   

ЗОРИЛГО 6. НОГООН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ

Зорилт 6.1. Нийслэлийн оршин суугчдын амьдралын хэв маягийг өөрчлөх замаар ногоон хотыг цогцлоох

Стратеги үйл ажиллагаа:

6.1.1. Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ, хог хаягдлын зохистой менежмент, усыг хэмнэлттэй ашиглах, ариун цэвэрч байдал, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай Ногоон нийслэлийн иргэн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх   

6.1.2. Ногоон нийслэлийн иргэн хөтөлбөрийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр дамжуулан сурталчлах 

6.1.3. Нийслэлийн иргэдийн бүлгэмийн нөөцийн үр ашиггүй хэрэглээг зогссох   аливаа ногоон санаачлагыг дэмжих 

6.1.4. Хотын үйлчилгээнд тавих иргэдийн хяналтыг дэмжих зорилгоор Иргэдэд Үйлчлэх Төвд иргэдийн санал гомдлыг цахимаар хүлээн авах үйлчилгээг сайжруулах

6.1.5. Айл өрх нь ахуйн хог хаягдлыг ангилан ялгаж, хуваарийн дагуу зориулалтын цэгт байрлуулах дадал зуршлыг хэвшүүлэх 

Зорилт 6.2. Аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг сайжруулах

Стратеги үйл ажиллагаа:

6.2.1. Аж ахуйн нэгжүүд хүрээлэн буй орчинд ээлтэй замаар ашиг орлогоо нэмэгдүүлэх ногоон эдийн засгийн хөгжлийн загварыг үйл ажиллагааныхаа чиг баримжаа болгох санаачлагыг дэмжих 

6.2.2. Аж ахуйн нэгжүүдэд “ногоон ажлын байр” бий болгох ажлыг дэмжих

6.2.3. Хүрээлэн буй орчинд ээлтэй аливаа ногоон технологийг нутагшуулсан, аж ахуйн нэгж байгууллагуудын нэр хүндийг алдаршуулж, ногоон серфитикат олгох

ЗОРИЛГО 7. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАВАН ТУУЛАХ ЧАДВАР

Стратеги үйл ажиллагаа:

7.1.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт хиймэл нуур, хөв цөөрөм ихээр байгуулж, үерийн болон хур усны улмаас үүсэн бий болсон хөрсний усны илүүдлийг татан бөөгнөрүүлэх инженерийн байгууламжийг байгуулах     

7.1.2. Ус зайлуулах системийг сайжруулах, өргөтгөх, шинэчлэх, хуримтлуулан  ашиглах арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх

7.1.3. Туул гол, түүний цутгал голуудын хамгаалалтын бүсэд баригдсан барилга байгууламжийг үерийн гамшгаас хамгаалах ажлыг зохион байгуулах, зардлын хуваарилалтын механизмыг бүрдүүлэх 

7.1.4. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үүсч болох гэнэтийн аюул, гамшгийг даван туулах стратегийг боловсруулан хэрэгжүүлэх  

7.1.5. Улаанбаатар хотын байгалийн гамшгийн эрсдлийн стратегийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх 

7.1.6. Улаанбаатар хотын хэмжээнд хүлэмжийн хийн тооллого хийх тогтолцоог бүрдүүлэх 

 

Улаанбаатар хотын 2020 он хүртлэх ногоон хөгжлийн стратеги, төлөвлөгөөг бүрэн эхээр нь эндээс татаж авна уу.

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here