Тухайн хэсэгт манай компани өөрийн хөрөнгөөр барих спорт цогцолбор бүхий үйлчилгээний төвийн зураг төслөө хийж байгаа юм. Энэхүү спорт цогцолборын хэсэгт нэвтрэх автомашины урсгал хөдөлгөөнийг бодолцсон хэрэг л дээ. Гэхдээ шинээр хийгдэх нүхэн гармын ач холбогдол нь үүгээр хязгаарлагдахгүй. Улаанбаатар хотын тэг дундуур төмөр зам байрлаж байгаа нь замын түгжрэл үүсэх үндсэн шалтгаануудын нэг болдог. Улаанбаатар хотын урд бүс буюу Олимпийн гудамж, Их Монгол гудамж, Нарны зам дагуу хороолол болон хотхонууд шинээр нэмж баригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор зорчигч болон иргэд төмөр замын гармаар гарахын тулд аль аль талаасаа
ойролцоогоор 30-40 минут түгжирдэг. Иймээс энэхүү замын ачааллыг бууруулахын тулд бид төмөр замын гармыг сонгосон л доо.
-Танай компани санаачилж, өөрсдийн хөрөнгөөр барих гэж байгаа гэсэн. Хэдий хэмжээний хөрөнгө, мөнгө шаардагдах вэ?
-Энэ нүхэн гармыг барихад манай талаас нийт 200 гаруй сая төгрөгийг өөрийн компаниасаа гаргаж, санхүүжүүлэх юм. Харин эндээс гарсан хөдөлгөөнийг Олимпийн гудамжтай холболт хийх асуудалд Улаанбаатар хотоос хөрөнгө оруулах шаардлагатай байна. Бид Улаанбаатар хотын захиргаанд ерөнхий зургаа танилцуулсан. Нааштай шийдэгдэх хандлагатай байгаа.
-Дээрх нүхэн гарц зай талбай, хэмжээнийхээ хувьд ямар байх вэ?
-Мэдээж тухайн хэсгийн авто хөдөлгөөний нягтрал, өнгөрөх автомашины тоог бодсон ч бага хэмжээтэй байх нь тохиромжгүй гэж үзсэн. Улаанбаатар төмөр замын Техникийн бодлого зураг төслийн төвийн удирдлага манай төсөлд анхааралтай хандаж, мэргэжлийн хувьд зөвлөгөө өгсөнд талархалтай байгаа. Хэмжээний хувьд тус бүр нь дөрвөн метр урттай, хоёр тунель байгуулагдана. Автомашин, явган хүний замыг бодолцсон учраас анх төлөвлөснөөс нэлээд өргөн болох магадлал байгаа. Гэхдээ энэ нь зөв шийдвэр болсон гэж үздэг.
-Нүхэн гарц барих ажлыг хэзээ эхлүүлэх вэ. Хэдийд ашиглалтад орох бол?
-Зураг төсөл, төмөр бетон хийц, ажлын гүйцэтгэл гээд бүх талаараа Улаанбаатар төмөр замтай хамтарч гэрээ байгуулан ажиллаж байна. Учир нь төмөр замын аюулгүй байдлыг бүрэн хангаж байгаа хэрэг л дээ. Зураг төслийн хувьд бүгд бэлэн болсон. Энэ оны тавдугаар сараас зураг төслийн дагуу угсралтын ажил эхэлнэ. Хэрэв ажилд ямар нэгэн саад гарахгүй бол ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Уг нүхэн гарц баригдсанаар авто замын шинэ урсгал нээгдэнэ гэсэн үг. Энэ хэрээр иргэд цаг заваа замын бөглөрөл дунд биш, үр дүнтэй өнгөрүүлэх болов уу. Нөгөөтэйгүүр, нүхэн гармыг ашиглаж эхэлснээр Монгол Улсын Төмөр замын аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд тухайн хэсэгт бүрэн хэрэгжинэ.
Ч.Анна