Мөн интернэтийн сүлжээг ашиглан дэлхийн өнцөг булан бүрээс “Улаанбаатар сонсож байна” мэдээлэл лавлагааны төвтэй холбогдох боломжтой. Иргэд утаснаасаа “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвтэй холбогдохын тулд "1200” тусгай дугаар руу залгах бөгөөд энэ дугаар нь зөвхөн Иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах утас”-ны үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ нэг минут нь 200 төгрөгийн тарифтай. Харин нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаарх бүх төрлийн лавлагаа мэдээллийг 1234 тусгай дугаар руу холбогдон авч болно. Энэхүү үйлчилгээнд энгийн тарифаар холбогдох гэнэ. Түүнчлэн www.ub1200.mn веб сайт бүхий “Улаанбаатар сонсож байна - Цахим хуудас”-ны үйлчилгээнд холбогдон дээрхийн адил зөвхөн өргөдөл, гомдлоо бичин, хариу авах боломжтой бол www.ub1234.mn веб сайтад хандан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаарх лавлагаа мэдээлэл авна. Хамгийн гол нь иргэдийн өгсөн санал гомдол, хүсэлт өргөдөл нь нууцлалтай бөгөөд өөрсдөө регистрийн дугаар болон 4 оронтой нууц дугаараа ашиглан интернетээр, мөн 1200 дугаарын утсанд холбогдож гаргасан өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийн явцыг харах, мэдэх, хянах бүрэн боломжтой. Улаанбаатар сонсож байна мэдээлэл лавалгааны төвийн бас нэгэн дэвшилттэй тал бол иргэдээс санал асуулга , судалгааг SMS /мессеж/-ээр илгээх, хүлээн авах” үйлчилгээ юм. Энэ нь Нийслэлийн удирдлагаас гаргах гэж байгаа болон гаргасан шийдвэрийн талаар иргэдийн санал бодлыг сонсох, хүлээгдэж буй үр дүн, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор санал асуулга явуулах, судалгаа авах зорилготой бөгөөд, үр дүнг богино хугацаанд хурдан мэдэх боломжийг олгож байгаа юм. Дээрх төв нээгдсэнээр ХОТ-ИРГЭН, ИРГЭН-ХОТ хоорондын байнгийн идэвхитэй харилцаа бий болох юм. Түүнчлэн нээлтийн үйл ажиллагааны үеэр Нийслэлийн засаг дарга лавлагаа мэдээллийн төвийн үйлчилгээний танилцуулгыг бодит байдлаар харуулан иргэдээс өргөдөл гомдол хүлээн авч, асуусан асуултын дагуу лавлагаа мэдээлэл өгсөн юм.