Энэ цаг үеэс дэлхийн олон улс орон өөрийн онцлогтой шахмал түлшний технологи, зуухны шинэ хийц загварын судалгаанд ихээхэн хөрөнгө зардал гарган, шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж, түлш эрчим хүчийг ариг гамтай ашиглах чиглэлд онцгой анхаарал тавьж ирсэн байдаг. Манай Улсын хувьд энэ ажил 1976 оноос эрчимжиж, тэр үеийн Түлш эрчим хүчний үйлдвэрлэл зураг төслийн институтэд (одоогийн Уул уурхайн хүрээлэн) хатуу түлш боловсруулалтын сектор гэж байгуулагдан нүүрсний гүн боловсруулалтын чиглэлээр, тухайлбал нүүрс баяжуулах, брикетлэх, коксжуулах, шингэрүүлэх, хийжүүлэх технологийг Монголын нүүрсэн дээр туршин судлах анхны эрдэм шинжилгээний ажлуудыг хийж эхэлсэн түүхтэй. Энэ ажлыг гүйцэтгэх багт тэр үеийн ЗХУ, БНАГУ, Польш, Югослав, Болгар, Унгар зэрэг оронд нүүрсний баяжуулалт, хими технологийн мэргэжлээр дөнгөж төгсч ирсэн залуучуудаас Д.Батжаргал, Я.Гомбосүрэн, Б.Чадраа, Ц.Цэдэвсүрэн, Р.Доржсүрэн, Б.Баасанжав нарын эрдэмтэд ажиллаж тухайн сэдэв ажлыг удирдаж байсан ба секторын эрхлэгч Ц.Цэдэвсүрэн агсан Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудын “Нүүрс боловсруулах төв”- ийн Монголын талын бүрэн эрхт гишүүнээр ажиллаж дээрх судалгааны ажлуудыг ЭЗХТЗ- ийн гишүүн орнуудын хүрээлэн, лаборатори, үйлдвэрийн бааз дээр туршилт судалгаа хийх, хамтарч ажиллах хөтөлбөрүүдийг удирдан зохицуулж ихээхэн эрдэм шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэсэн билээ.
Энэ ажлын хүрээнд Югослав, Английн гэрийн зуухыг судалж утаагүй бүрэн шаталттай зуухны хоёр төрлийн загвар (нэвтрүүлэх бүрэн боломжтой) нүүрс брикетлэх шахмал түлшний чиглэлээр хоёр төрлийн технологи 5-6 патент, Багануурын нүүрсийг эрчим хүч технологийн аргаар боловсруулж хагас кокс, шахсан хий болов
сруулж Улаанбаатар хотод Багануурын нэг сая нүүрсийг боловсруулж 300 мянган тонн утаагүй брикет үйлдвэрлэх үйлдвэр, жилд 10-15 мянган тонн утаа багатай түлш үйлдвэрлэх цехийн үндэслэлийг боловсруулж нэвтрүүлэх зорилгоор холбогдох бүх шатны байгууллагуудад 1985-2005 онуудад өгч байсан. Гэвч манай эрдэмтдийн олон жилийн нөр их хөдөлмөр хөлс шингэсэн шинжлэх ухааны дэвшилтэт ололт амжилт дээр тулгуурласан бүтээлүүд хэрэгцээтэй үедээ төр засгийн хайр халамжийг хүртэж чадаагүй юм. Үүний хор уршиг нь өнөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшигт хүрсэн явдал юм. Тэгэхээр би Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшигт хүрсэн явдал нь манай төр засаг эрдэмтдийнхээ бүтээлийг тоодоггүй, үгийг нь сонсдоггүй, шинжлэх ухааныг чухалчилдаггүй байдагтай шууд холбоотой гэж хэлэх байна.
Бидний ид судалгаа хийж байсан 1976-1986 онуудад Түлш Эрчим Хүчний Эрдэм Шинжилгээ Зураг Төслийн Институт 300 гаруй ажилтантай, хоёр байртай, хэд хэдэн туршилтын цехтэй , 20 гаруй эрдэмтэнтэй байсан бол өнөөдөр Уул уурхайн хүрээлэн түрээсийн байранд 20 хүрэхгүй хүнтэй болжээ.
Манай Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, тус орны тэргүүлэх салбар болоод байхад энэ салбарын анхны ууган хүрээлэн ийм л байдалтай байна.
Шарын голын нүүрсний ил уурхай байгуулах төсөлд нүүрс баяжуулах үйлдвэрийн цогцолборыг цуг барихаар зураг төсөл хийгдсэн байсан гэвч (ЗХУ-ын Гипрошахт) хөрөнгө хэмнэх үүднээс баяжуулах үйлдвэрийг бариагүй хассан. Үүний горыг тэр үеийн эрчим хүчний ажилчид амсаж, ид өвлийн хүйтэнд гуравдугаар цахилгаан станцын хашаанд нүүрстэй хамт буусан том том бул чулууг ялгаж хураах ажил (субботник)- ыгхийдэг байлаа.
Багануурын ил уурхайн зураг , төсөлд уг нүүрс нь чийг ихтэй, Налайхын нүүрснээс бага илчлэгтэй, амархан үйрч бутрах чанартай тул Улаанбаатарын айл өрхөд зориулан жилд 300 мянган тонн шахмал түлш хийх үйлдвэрийн зураг- төсөл хамт хийгдсэн байсан ч шахмал түлш нь өртөг өндөртэй гээд мөн л хассан байдаг. Хэрвээ энэ хоёр үйлдвэрийг тэр үед нь алсыг хараад бариулчихсан байсан бол бидний Монголчууд 1960- аад онд нүүрс баяжуулах үйлдвэртэй, 1970- аад оны сүүлчээр шахмал түлшний үйлдвэртэй болчихсон, үүнийгээ улам сайжруулаад, өргөтгөөд нүүрсийг боловсруулж ашиглах тал дээр туршлагатай болчихсон, юун агаарын бохирдол, гамшиг энэ тэрийг үзэхгүй байж болохоор байсан. За энэ ч яахав, 1980- аад оноос өмнө болж өнгөрсөн хорвоо гээд орхиё, учир нь тэр үед одоогийн дарга нарын зарим нь цэцэрлэг, сургуулийн сурагч ч байсан байж магад. Гэтэл 1980- 2000 онд хотын агаарын бохирдол ихдэх гээд байна, ихэсч байна, нүүрсний ашиглалт муу байна, иймээс үүнийг ингэж сайжруулъя, ийм судалгаа хийлээ, ийм төсөл нэвтрүүлье гэж олон эрдэмтэд хөөцөлдөж байсныг би одоо ч сайн санаж байна. Би өөрөө тэдний нэг нь байсан билээ. Бас нэг түүх дурдъя, (үүнийг анх санаачлагч нь анхны Ерөнхийлөгч уул уурхайн мэргэжилтэй эрдэмтэн П.Очирбат гуай байсан) 1991 онд тэр үеийн Засгийн газрын шадар сайд агсан Б.Энэбиш гуай дээр Японы “Хашимото Сангю” компанийн төлөөлөгчид буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод шүдэнз зураад шууд асдаг (мод хэрэглэхгүй) утаагүй шахмал түлшний үйлдвэр барьж өгөх санал тавиад, Монголын талаас гагцхүү хариуцаад ажиллуулах ямар нэг (хувийн биш) улсын үйлдвэр хүссэн ба тэр үед Эрдэнэт үйлдвэрийг сонгон, 1991 онд Японы Засгийн газраас үзүүлэх буцалтгүй тусламжийн 20 ажлын 19 дүгээрт Улаанбаатар хотод утаагүй шахмал түлшний үйлдвэр байгуулахаар төлөвлөгдөж тухайн үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нь энэ ажил тусгагдсан байсан ч мөн л бариагүй бөгөөд хожим нь мөнгийг нь өөр чухал зүйлд зарсан гэж ойлгосон.
Түүнээс хойш энэ ажлыг сайн мэдэх тэр үеийн Энэбиш даргын референт байсан сайд агсан У.Мавлет гуайтай хамтарч жилд 150 мянган тонн Багануурын хүрэн нүүрсийг боловсруулж 113400 тонн утаа, үнэргүй брикет, 10 мянган тонн мазут үйлдвэрлэх үйлдвэрийн төслийг 2005 оны байдлаар шинэчлэн хийж (хөрөнгө оруулалт 7,5 сая ам.доллар) ТЭХ- ний сайдын зөвлөл болон бусад газраар хэлэлцүүлж, хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралт, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Сангийн сайд асан Баабар, Хотын мэргэжилтэн Мөнхбаяр гээд мөн ч олон дарга гишүүдтэй уулзаж байсан ба бүгд л сайхан төсөл байна гээд эцэст нь 2006 оны Эрчим хүчний ажилчдын зөвлөлгөөн дээр аж үйлдвэрийн гавъяат ажилтан Төмөрбаатар даргын илтгэл дээр ШУТИС- ийн багш Г.Бадамхатан “Утаагүй түлшний үйлдвэр байгуулах” маш сайн төсөл боловсруулсан байна гээд л “кино” төгссөн юм. Кино гэхээс “Гэрлэж амжаагүй явна” Монголын уран сайхны кинонд шахмал түлшний үйлдвэр барихаар зорьсон инженер залуу, нэг эрдэм шинжилгээний ажилтны дүр байдаг. Энэ киног үзээд манай эрдэмтдийн бүтээлийг зөвхөн эрдмийн зэрэг хамгаалах сэдэв гэж үздэг хүмүүсийг шүүмжилсэн бүтээл гэж ойлгосон.
Энэ дашрамд хэлэхэд ер нь манай олон эрдэмтдийн сайхан бүтээлүүд энэ мэтчилэн тоосонд дарагдан үеэ өнгөрөөж, зарим эзэд нь ертөнцийн мөнх бусыг үзсээр байгаа билээ. Иймд манай шинэчлэлийн засгийн газраас Монгол Улсынхаа Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж Монгол эрдэмтдийнхээ оюуны бүтээлийг амьдралд альболох хэрэгжүүлж байгаасай гэж хүсэх байна.
“Өдрийн мэдээ” сонин. 2012.12.01. Бямба.№285(4300)
**************