Орчин үеийн хүний нийгмийн хөгжил нь дэлхийн байгаль орчин, түүний дотор уур амьсгалд нөлөөлөх хэмжээнд хүрээд, улам хурдтайгаар өссөөр байна.
Эрчим хүч, түүний эх үүсвэр
Одоо цахилгаан, дулаан, унаа машингүйгээр хүний амьдралын наад захын хэрэглээг төсөөлөхөд бэрх боллоо. Унаа машиныг шатахуунаар хөдөлгөдөг, нүүрс түлж цахилгаан, дулаан үйлдвэрлэдэгийг Монголчууд бид андахгүй. Эрчим хүч гэж цахилгаан дулааныг хэлнэ гэсэн хариултыг ч нэг их буруутгах аргагүй боловч зөвхөн цахилгаан, дулааныг л эрчим хүч гэж ойлговол өрөөсгөл болно.
Хоол хүнснээс эхлээд бидний амьсгалж буй агаарт ч эрчим хүч агуулагддаг. Эдэлж хэрэглэж байгаа юм бүхэнд эрчим хүч тодорхой хэмжээгээр шингэсэн байдаг. Эрчим хүч бол бидний амьралын эх сурвалж бөгөөд физик техникийн утгаараа ердөө л “ажил гүйцэтгэх чадвар” юм. Механикийн, химийн, дулааны, цахилгааны, соронзон, цацрагийн, цөмийн гэх мэтчилэн эрчим хүчний олон төрөл бий. Бидний ашиглаж байгаа эрчим хүчний эх сурвалж нь нарны цацраг юм. Нарны цацрагаар нэг цагийн дотор л хүн төрөлхтний жилийн хэрэглээтэй тэнцэхүйц хэмжээний эрчим хүч газрын гадарга дээр тусдаг ажээ. Нарны цацрагын 1/3 нь агаараас буцаж ойдог. Нарны энергийг (energy- энергия- эрчим хүч) байгалийн жамаар удаан хугацааны туршид зөвхөн фотосентезээр хадгалах боломжтой. Газрын тос, байгалийн хий, нүүрс нь нарны эрчим хүчийг нөөцлөгчид юм.
Эрчим хүч нөөцлөгч эдгээр эх үүсвэрийг ашиглахдаа түүний байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөс зайлсхийж чаддаггүй. Хүний ашиглаж болох янз бүрийн эрчим хүчний эх үүсвэрүүд нь бидний амьдрах аятай орчныг бүрдүүлдэг ч хүрээлэн буй орчинд тэр бүр таатай нөлөө үзүүлдэггүй. Нүүрс түлхэд утаа гардагыг бүгд л мэддэг атал 1 тонн нүүрс шатаахад хэдэн тонн СО2 ялгархыг мэддэг хүн цөөхөн. Нүүрсийг шатаахад байгаль орчинд хортой тоос, хүхрийн давхар исэл, азотын исэл, азотын хүчлүүд, угаарын хий зэрэг химийн нэгдлүүд үүсдэг. Эрчим хүчийг үйлдвэрлэхэд гарсан хорт ялгарал нь эргээд хүн, амьтан, ургамлын амьдрах үндсэн орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгарч байгаа хортой бодисуудыг дэвшилтэт техник, технологи ашиглан сөрөг арга хэмжээ авснаар олон дахин бууруулж болно.
Хүлэмжийн үзэгдэл, хүлэмжийн хий
Нарны гэрэл дэлхийн гадарга дээр тусаад буцаж ойж, агаар мандлаас гарч огторгуйд сарниснаар манай дэлхийн агаарын дундаж хэм 14о орчимд тогтмол байх нөхцөл бүрддэг. Дэлхийгээс ялгарсан нүүрс хүчлийн хий (СО2) агаар мандлын дээд давхаргад 400 жил тогтох чадвартай. Нарны гэрэл дэлхий дээр тусаад буцаж ойх, огторгуйд сарних үйл явцыг энэхүү нүүрс хүчлийн хийн давхрага хязгаарлаж “халхавч” болсноор бидний амьдрах орчны агаарын хэм мэдэгдхүйц хэмжээгээр ихэсдэг болохыг эрдэмтэд тогтоогоод байна. Энэ үзэгдлийг хүлэмжийн эффект гэх ба түүнийг үүсгэгч нь “хүлэмжийн хий” гэсэн ерөнхий нэртэй 4 төрлийн хий юм. “Хүлэмжийн хий” гэж нарны богино долгионт цацрагийг өөртөө бараг шингээлгүй дэлхийн гадаргаруу шууд нэвтрүүлдэг хирнээ буцаад ойж буй дулааныг шингээн авч дэлхийн гадаргын агаар мандлын үе давхаргад хуримтлагдан нэмэлт дулаарал үүсгэдэг нүүрс хүчлийн хий (СО2), намгийн хий (СН4), азотын дутуу исэл (N2O), фреоны төрлийн CFC хийнүүдийг хэлдэг. Эдгээрээс зонхилох нь нүүрсхүчлийн хий (СО2) бөгөөд тэрээр нүүрснээс 36 хувь хүнд байдаг.
Дэлхийн цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нэг үндсэн шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар дахь хүлэмжийн хийн агууламж ихсэж байгаатай холбоотой.
Хэрэглээний өсөлт, эрчим хүчний нөөц
Хүн амын өсөлт нь нэмэлт эрчим хүчийг байнга шаарддаг. Дэлхийн хүн ам 2025 он гэхэд одоогийн байгаагаас бараг 2 дахин өснө гэсэн урьдчилсан тооцоог эрдэмтэд хийжээ. Үүнтэй уялдан эрчим хүчний хэрэглээ ч бас өснө. Эрчим хүчний хэрэглээ нь хүн төрөлхтөний соёл иргэшил, үйлдвэржилтийн түвшнээр тодорхойлогддог. Үйлдвэрлэлийн бүтээгдхүүн өсөхийн хэрээр амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хэрэглээ эрс өсөв. Дэлхийн хүн амын дийлэнх нь оршин суудаг хөгжиж буй, ядуу буурай орны хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хэрэглээний хувьд барууны орнуудын хэмжээнд хүрч очих нь дамжиггүй бөгөөд энэ нь эргээд эрчим хүчний хэрэглээг огцом өсгөх үндэс болох юм. Үйлдвэржсэн орнуудын хүн ам дэлхийн хүн амын 17 хувийг эзэлдэг ч эрчим хүчний нийт хэрэглээний талаас илүү хувь нь тэдэнд ногдож байна. Эрчим хүчний хэрэглээний өсөлт нь зөвхөн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлээд зогсохгүй хорт ялгарлыг бас ихэсгэдэг.
Түүнээс гадна эрчим хүчний нөөц улам бүр багассаар байна. Олон сая жилийн турш бий болсон газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний эх үүсвэр өнөөгийн хүн төрөлхтөний хэдхэн үеийн хэрэглээг л хангах нөөцтэй. Одоогийн хэмжээгээр хэрэглэвэл нефть, байгалийн хий, ураны нөөц XXI зууны II хагаст дуусах тооцоо гарчээ. Харин нүүрсний нөөц арай илүү юм. Эрчим хүчний нөөц улс орнуудад харилцан адилгүй тархсан учир импортоос хамааралтай, үнэ нь байнга өсч байдаг тул үйлдвэрийн бүтээгдхүүний өртгийг нэмэгдүүлэх үндэс болдог. Иймд хүн төрөлхтөн эрчим хүчний шинэ үүсвэрийг олох, эрчим хүчийг хэмнэх асуудалд гол анхаарлаа хандуулсаар байгаа билээ.
Хорт ялгарлыг багасгахын тулд технологийн шинэчлэл хийх, нэмэлт тоног төхөөрөмж ашиглах зэрэг арга хэмжээ авдаг. Хамгийн өндөр үр дүнд хүргэх хялбар арга бол эрчим хүчийг хэмнэх явдал бөгөөд ингэснээр хэрэглээний өсөлт буурч хорт ялгаруулалтыг багасгах боломжтой.
Цаашдын, хандлага чиглэл
Эрчим хүчний нөөцийг (тухайлбал нүүрс, нефть) олзворлон тээвэрлэж (дулаан, бензин болгох) хувиргасаар хэрэглээний шатанд (хэрэглэгчид) хүргэхэд бараг 2/3 нь зайлшгүй алдагддаг. Гол хэмнэлтийг хэрэглэгч дээрх эрчим хүчний алдагдлыг багасгаж гаргах ба үүний тулд орчин үеийн хэмнэлтэт техник технологийг өргөн нэвтрүүлэх нь нэн тэргүүний асуудал болж байна.
Эрчим хүчний хэрэглээ их байгаа газар хэмнэх боломж их байдгийг анхаарах хэрэгтэй !
Баримжаа- Айл өрхийн ахуйн хэрэглээний нийт эрчим хүчний 50 гаруй хувь нь халаалтад, гуравны нэг нь автомашинд, хэрэгцээний халуун ус ба цахилгаанд тус бүр 8 % нь оногддог байна.
- Аргачлал-1
Шаардлагагүй хэрэглээг хязгаарлах. Үүний тулд ажиглалт судалгаа хийж хэрэглээний аль хэсэгт анхаархаа мэдэх. Хэрэглээг бодитоор тооцож сурснаар хэмнэх арга замыг хялбар тодорхойлдог болно.
- Аргачлал-2
Шинэ техник (шинэ плитка), шинэ технологи (барилгын хаших хийцийн дулаан тусгаарлалтыг сайжруулах) нэвтрүүлэн хэрэглээг бууруулах. Хэмнэлт нь ухаалаг хэрэглээнээс их хамаардаг. Зардал багатай, өндөр үр ашигтай арга хэмжээг хэрэгжүүлэхэд сайн судалгаа, дэлгэрэнгүй мэдээлэл чухал.
Улс орнуудыг харьцуулсан шалгуур үзүүлэлт
Нийгмийн хөгжлийг тухайн Улсын үйлдвэрлэсэн дотоодын нийт бүтээгдхүүний (ДНБ) нэг долларт ногдох эрчим хүчнийх нь хэмжээгээр буюу ялгарч буй нүүрсхүчлийн хийн (CO2) хэмжээгээр үнэлэх шалгуур ч гарчээ. Манай Улс хаахна нь явааг хүснэгтээр харуулав.
Хүснэгт-1. ДНБ- ний нэг долларт ногдох эрчим хүч, кВт/$
Хүснэгт-2. ДНБ- ний нэг долларт ногдох нүүрсхүчлийн хийн (СО2) ялгарал, СО2/$
| Эрчим хүчний үйлдвэрлэл (сая тонн жишмэл түлш) | СО2 –ын ялгаралт (сая тонн) | Тонн (СО2 /хүн.жил) | кг СО2 /$.ДНБ |
Дэлхий | 9689,62 | 22524,78 | 3,86 | 0,87 |
ОСЕД-ийн орнууд* | 3790,32 | 12016,63 | 10,92 | 0,58 |
Ойрхи дорнод | 1271,36 | 924,18 | 5,78 | 1,73 |
ЗХУ (хуучин нэрээр) | 1173,84 | 2206,44 | 7,56 | 4,17 |
ОСЕД- ийн бус Европын орнууд | 64,92
| 292,26 | 4,83 | 1,88 |
Хятад | 1020,32 | 2893,15 | 2,32 | 3,19 |
Ази | 4219,34 | 1876,67 | 1,03 | 1,31 |
Латин Америк | 605,02 | 866,43 | 2,15 | 0,74 |
Африк | 846,18 | 728,65 | 0,96 | 1,31 |
Монгол | 3,36 | 13,96 | 6,05 | 14,12 |
*OCED- Overseas Cooperation of Economically Developed Countries. Эдийн засгийн өндөр хөгжилтэй улс орнууд
1 дүгээр хүснэгтийг үзвэл Монгол Улс 1 долларын бүтээгдхүүн үйлдвэрлэхэд 37кВт/цаг эрчим хүч зарцуулж байгаа үзүүлэлтээр сүүл барьж явна. 2 дугаар хүснэгтээс харахад манай улсын үйлдвэрлэж буй эрчим хүч, ялгарч буй СО2- ын хэмжээ хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудтай харьцуулахад бага боловч нэг долларын ДНБ үйлдвэрлэхэд ялгаруулж буй СО2 –ын хэмжээгээр толгой цохиж явна.
Эрчим хүчний хэмнэлт, түүнийг хэрэгжүүлэх бодлого
Эрчим хүчний хэмнэлт гэдэг нь эрчим хүчний эх үүсвэрийг үр ашигтай ашиглах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг аж ахуйн хэрэгцээнд татан оролцуулахад чиглэгдсэн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, техник эдийн засаг, хууль эрх зүй, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүн юм.
Хэмнэлтийн 65 хувь нь шинэ техник технологи нэвтрүүлснээс, 20 орчим хувь нь эрчим хүчний чадавхийг бүрэн ашигласнаас 15 орчим хувь нь зохион байгуулалтын зөв бүтэцтэй болсноос гардаг байна. Бүтэц зохион байгуулалтын асуудалд хөрөнгө оруулалтын зардал шаардагддаггүй.
Эрчим хүчний хэмнэлтийн асуудлыг хэрэглээ талаас нь эхлэх ба үүний тулд юуны түрүүнд хэрэглэгчдэд нөлөөлөх нь чухал байдаг. Энэ нь эрх зүйн, эдийн засгийн, мэдээллийн арга хэрэгслээр хангагдах ёстой. Эрх зүйн гэдэгт хэмнэлтийн судалгааг албан журмаар хийлгэх. Шинээр барьж буй барилга объектод эрчим хүчийг хамгийн хэмнэлттэй хэрэглэх шинэ стандарт, эрчим хүчний үр ашигтай тоноглолыг суурилуулах стандарт гаргаж мөрдөх асуудал орно.
Эдийн засгийн арга хэмжээ гэдэгт эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлт, хуваарилалтын зардлыг тооцсон тарифийн бүтцийг зөв тусгах, эрчим хүч хэмнэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлэх асуудал чухал.
Мэдээллийн арга хэмжээ гэдэгт үзүүлэн, ахуйн болоод үйлдвэрлэлийн зориулалттай техникийн холбогдолтой сурталчилгааны товхимол гаргах гэх мэт арга хэмжээ орно.
Ж.Ланданноров. Монгол Улсын зөвлөх инженер.
Daily News №145(1334) 2003.06.17. “ӨДРИЙН СОНИН”