Үрэлгэн байдалд харлаган хандаж болохгүй

Л.Нармандах
2015-01-10 07:42:08
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар


Эдүгээ дэлхийд дахинд энергийн анхдагч ресурс, ялангуяа шатах ашигт малтмалын байгалийн нөөц баялаг улам бүр хомсдож, тэдгээрийг олборлох, боловсруулах, энерги үйлдвэрлэхтэй холбогдсон зардал, үнэ, байгаль орчинд нөлөөлж буй сөрөг үзэгдлүүд нэмэгдсээр байгаа явдал улс орон бүрд энергийн нөөц баялгийг рэгдэл багатай, зохистой ашиглах эрмэлзлийг төрүүлж байна. Энэ үүднээс улс бүхэн түлш, эрчим хүчний балансын гүйцэтгэл (статик баланс) гаргадаг, түүнийхээ ашиг, алдагдлын байдалд үнэлэлт дүгнэлт өгдөг, энергийн төлөвлөгөөт баланс боловсруулдаг, түүндээ оновчлолт төгөлдөржүүлэлт хийдэг болсон байна. Түлш, эрчим хүчний балансыг албан ёсоор гаргахгүй, энергийн балансыг тооцох, төлөвлөх асуудлыг хөндөхгүй байгаа цөөн орны нэг эдүгээ Монгол Улс гэвэл дэгэсдүүлэг болохгүй.


Уг нь манай Улс өнгөрсөн зууны жараад оны сүүлчээр (тэр үеийн Улсын Төлөвлөгөөний Комисст) улсынхаа түлш, эрчим хүчний балансын тухайн үеийн төлөв байдалд анх удаа үнэлэлт өгч, дараа нь Улсын Статистикийн Газар (УСГ) 1970- аад оны түлш, эрчим хүчний нэгдсэн балансыг өргөн цар хүрээтэй тооцож, түүнээс хойш УСГ (хуучнаар Сайд нарын Зөвлөлийн тогтоолын дагуу) түлш, эрчим хүчний нэгдсэн балансын гүйцэтгэлийг таван жил дутам 0985 он хүртэл гаргаж байлаа. Энэ үед Улсын энерги балансын бүтэц, эдийн засгийн үзүүлэлт зэрэгт шинжилгээ хийх, энерги хангамжийн чанарыг сайжруулах, түлш, эрчим хүчний аж үйлдвэрийг хөгжүүлэх ойрын болон хэтийн төлөвлөгөө боловсруулах, энергийн балансад оновчлол хийх хүртэл судалгаа, шинжилгээний ажил эрчтэй явагдаж байв. 1985 оноос хойш Улсын түлш, эрчим хүчний нэгдсэн баланс албан ёсоор гарахаа больсоор эдүгээ 25 дахь жилийнхээ нүүрийг үзэхэд хүрч байна (2011 он). Энэ өнгөрсөн хугацаанд эрдэм шинжилгээний зарим байгууллага ШУТТөслийн санхүүжилтээр түлш, эрчим хүчний хангамж, хэрэглээний байдалд судалгаа явуулж түлш бэлтгэл, нүүрс, эрчим хүч хангамжийн талаар төв, орон нутгаас олж авсан мэдээ, Үндэсний статистикийн мэдээлэл зэрэгт тулгуурлан Улсын түлш, эрчим хүчний тойм баланс (тодорхой онуудад) байгуулж, төслийн тайландаа нийт энерги хэрэглэгчдийн хэмжээнд анхан шатны бүртгэл, мэдээллийн тогтолуоог сайжруулах, энергийн албан ёсны нэгдсэн баланс гаргадаг болох, түлш эрчмийг хэмнэх бодлого хэрэгжүүлэх талаар санал, зөвлөмж дэвшүүлж байсны зэрэгцээ, ерээд оны сүүлчээр түлш, эрчим хүчний гүйцэтгэлийн балансын мэдээлэл цуглаах, нэгтгэх практик зөвлөмж боловсруулж Төсөл захиалагчид хүлээлгэн өгч байсан удаатай. Гэвч шинжлэх ухааны тэдгээр санал зөвллөмжүүд тэр бүр хэрэгждэггүй, статистик мэдээллийн өнөөгийн тогтолцоонд мэдэгдэхүйц өөрчлөлт ороогүй, түлш, эрчим хүчний статистикийг дагнаж хариуцсан ямарч байгууллагагүй байснаар өнөөг хүрч, манай улсад түлш, эрчмийн ашиглалтын түвшин туйлын үрэлгэн хэвээр, энергетикийн салбарын экологид үзүүлж буй сөрөг үр дагавар нэмэгдсээр байна.
Түлш эрчим хүчний нэгдсэн баланс албан ёсоор гарахаа зогссон 1990 оноос хойших хугацаанд манай нүүрс олборлолт, шатах тослох материалын хэмжээ ойролцоогоор хоёр дахин нэмэгдэж, нүүрсний өртөг хоёр дахин, шатах тослох материалын үнэ зургаа дахин, том хотуудын төвлөрсөн дулаан хангамжийн халаалт, хэрэгцээний халуун ус, цахилгааны үнэ 100- 200 дахин нэмэгдсэн байна. Түлшинд түүхий нүүрс, ахуйн хог хаягдал, резин дугуй зэргийг их шатааж байгаагаас агаар орчин бохиртож, мод, модлог ургамалыг түлшинд хэрэглэснээс болж ногоон бүсэд цөлжих аюул тулгараад буй зэрэгт бид хэт харлаган хандаж боломгүй боллоо.
2005 оны түлш, эрчим хүчний балансын тухай эрдэм шинжилгээний тайлангаас үзвэл манай улс 2011 онд 2,5 сая орчим тонн жишмэл түлштэй (тжт) тэнцэхүйц энерги хэрэглэсэн байгаа нь дотоодын нийт бүтээгдхүүний нэгжид (сая төгрөг) ноогдох үзүүлэлтээр 1,7 тонн буюу долларын ханшаар, 1000 доллар дутамд 2 тжт болж, дэлхийн улсуудын дундаж (0,4 тжт)- аас даруй 5 дахин их өндөр үзүүлэлттэй, өөрөөр хэлбэл бид жилд хэрэглэсэн энергийнхээ нэгж бүрээс дэлхийн дундажтай харьцуулбал тав дахин бага бүтээгдхүүн гаргаж авч байна. Энэ нь манайд төрөл бүрийн түлш, эрчмийг ялангуяа дулааны эрчмийг хот, хөдөөгүй хэт үрэлгэн хэрэглэж байгаатай холбоотой, Өнөөдөр нүүрсээр ажиллаж буй цахилгаан станцуудын АҮК зарим үйлдвэрт 20% хүртэл буурсан, энерги дамжуулах, түгээх сүлжээний алдагдал 30% хүрсэн үзүүлэлттэй, мөн уул уурхай, тээврийн салбарт энерги хэмнэх бодлого төлөвлөгөө үгүйлэгдэж байна. Салбар дундын балансаас үзэхэд манай дотоодын нийт бүтээгдхүүний материалын зардлын ихэнх хувь (бодит өртгөөр тооцоход) энергийн хэрэглээтэй холбогдох зардлууд байдаг.
Эдүгээ манайд уул уурхайн үйлдвэрүүдийн тоо хэмжээ эрс нэмэгдэн, эрдэс баялгийг баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд баригдаж эхэлсэн, мөн эдгээрийг дагаж аж үйлдвэрийн тосгон, хотууд бүрэлдэн хөгжиж байгаа зэрэг бодит нөхцөл байдал нь цаашид хэрэглэсэн түлш, эрчим хүчний тоо хэмжээ, үр ашгийн үзүүлэлтийг тооцож үздэг болох, түүнд шинжлэх ухааны үнэлэлт, дүгнэлт өгч; энэ үндсэн дээр энерги хангамжийн орон нутгийн болон төвлөрсөн схемүүд, энергийн төлөвлөгөөт балансыг тооцож боловсруулах зэрэг асуудлыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлага дэвшүүлж байна.
Зарчмын хувьд Монгол Улсын түлш, эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогыг жолоодох үүрэгтэй төрийн захиргааны тав байгууллага, түлээ түлш, эрчим хүч хэрэглэдэг, үйлдвэрлэдэг аж ахуйнууд, айл өрхүүд ч адилхан аливаа энерги агуулагчийг зохистой ашиглах чиглэлээр дэлхий нийтэд өрнөж байгаа үйл явдлуудад нүдэн балай, чихэн дүлий мэт хандаж байх учиргүй.
Энэ нөхцөлд 2007 онд Үндэсний Статистикийн Хороо, Түлш, Эрчим Хүчний Яам, Эрчим Хүчний Судалгаа Хөгжлийн Төвтэй хамтарч ”Түлш, эрчмийн балансбайгуулах, түлш, эрчим хүчний статистик мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг гаргасан; дараачийн жил нь ҮСХороо Түлш эрчмийн баланс зохиох аргачлалыг олон улсын жишгээр боловсруулан, баталж гаргасан зэргийг тэмдэглэхийн хамт Монгол Улсын түлш, эрчим хүчний 2010 оны гүйцэтгэлийн баланс байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг ЭБЭХЯам, ҮСХороонд хандаж сануулах нь зүйтэй болов уу.
Үүнд юуны өмнө 2011 онд багтааж түлш үйлдвэрлэж нийлүүлдэг, эрчим хүч боловсруулдаг, борлуулдаг бүх байгууллагуудаас 2010 оны тайланг бүрэн цуглуулж авах, Үндэсний Статистикийн Хорооны жил дутмын мэдээлэлд тусгагддаггүй газрын тосны бүх төрлийн бүтээгдхүүн, хийн түлш, нүүрснээс бусад хатуу түлшний хангалт, хэрэглэлтийн тайлангийн үзүүлэлтийг олж цуглаан авах ажлыг зохион байгуулах асуудал хойшлуулашгүй чухал байна. Эдгээр анхдагч мэдээллүүд нь Монгол Улсын түлш, эрчим хүчний нэгдсэн баланс гаргах, түүний бүтэц бүрэлдхүүн, эдийн засгийн салбаруудын энерги эрчимжлийн өнөөгийн түвшин, түлш, эрчмийн хэмнэлтийн бодлогын хэрэгжилт зэрэгт шинжлэх ухааны дүгнэлт өгөх боломжийг бүрдүүлэх юм


****************************

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here