Монгол Улсын Их Хурлын 2015 оны зургадугаар сарын 19-ны хуралдаанаар “Сэргээгдэх эрчим хүчний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” -ийг батлан гаргалаа.

Л.Нармандах
2015-07-02 04:42:32
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

 

Түүнчлэн эрчим хүчний салбарт анхны 50 МВт хүчин чадалтай салхин цахилгаан станцыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 2013 онд холбон ашиглалтад оруулж хоёр жилийн хугацаанд нийт 170 гаруй сая кВтц цахилгаан эрчим хүчийг худалдан авсан билээ.

Салхин цахилгаан станцын 2014 онд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг хэрэглэгчид худалдах эрчим хүчний үнэд шингээн зохицуулж, 22 орчим тэрбум төгрөгийг “нэг худалдан авагчийн данс”-наас гаргаж санхүүжүүлсэн нь үндсэндээ үнийн зөрүүний тодорхой хэсгийг эрчим хүч үйлдвэрлэн дамжуулах сүлжээнд нийлүүлдэг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид бус эцсийн хэрэглэгчид төлж байгаа юм.

Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүг бүрэн шингээж чадахгүй байгаа нь эрчим хүчний нэгдсэн системийн нэг худалдан авагчийн дансанд тодорхой санхүүгийн алдагдлыг бий болгож бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч компани алдагдалтай ажиллах шалтгаан болж байна. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд үл ойлголцол бий болгож сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд сөрөг хандлага төрүүлээд байна.

Иймд хуулинд ногоон тарифын тухай ойлголтыг олон улсын стандартын дагуу албан ёсоор тусгах шаардлагатай болсон юм.

Мөн олон улсын сэргээгдэх эрчим хүчний технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд хөрөнгө оруулалтын өртөг буурч байгаатай холбогдуулан үнэ тарифын дээд хязгаарыг тогтоох, үнэ тарифыг хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтоох зэрэг нэмэлт, өөрчлөлтийг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд тусгах зайлшгүй шаардлагатай болсон.

Оролцогч байгууллагуудын эрх, үүрэг, тусгай зөвшөөрөл, ногоон тариф, цахилгаан эрчим хүч худалдах ба худалдан авах харилцааг зохицуулах, үнэ тарифын зөрүүг зохистой санхүүжүүлэх арга зам, үнэ тарифын дээд хязгаарыг тогтоох болон сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгалаа:

1.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн “Хуулийн нэр томьёо” гэсэн зүйлд “ногоон тариф” (renewable portfolio standard or renewable obligation) гэсэн нэр томьёог “сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор эрчим хүчний үнэд шингээсэн тарифыг” гэжтодорхойлон оруулав /Эцсийн хэрэглэгчдийн худалдан авч байгаа цахилгаан эрчим хүчний нэгж кВт*цагт ногдох үнийг ногоонтариф гэнэ/.

2.Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэх болон хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэсэн цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах дүрэм, журмыгболовсруулж, батлахаар хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.5 дахь заалтыг өөрчлөн найруулав.

3.Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчийн худалдан авах ногоон тарифын хэмжээг тогтоох, хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа буюу гэрээний үйлчлэх хугацаа дууссаны дараа үнэ тарифыг тухай бүр тогтоож байхтай холбогдсон нэмэлт оруулсан.

4.Эрчим хүчний зохицуулах хороо дамжуулах сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх болон бие даасан үүсгүүрээр үйлдвэрлэн нийлүүлэх эрчим хүчний үнэ, тарифыг тухайн төсөл хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа /10-15 жил/-тай уялдуулан тогтоож байхтай холбогдсон нэмэлтийг тусгалаа.

5.Дамжуулах сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх эрчим хүчний үнэ, тарифын хязгаарын хүрээг тогтоохтой холбогдсон, хуулийн 11 дүгэр зүйлийн 11.1.1-11.1.3 дахь заалтад өөрчлөлт орууллаа.

6.Дамжуулах сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг ногоон тарифаар нөхөн олгож байхаар хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг өөрчлөн найруулсан.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд дээрх нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулснаар эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх, эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд өрсөлдөөн үүсэх, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэвшилтэт технологийг өргөнөөр нэвтрүүлэх, тус салбарыг тодорхой бодлого, зохицуулалттайгаар хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахаас гадна тарифын татаасыг зүй зохистой хэмжээнд нь олгохуйц санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх ач холбогдолтой болно.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний нөхцөл, тэтгэх тариф, санхүүжилтийн хэлбэр, төсөл, хөтөлбөрийг дэмжих урамшууллын механизмуудыг авч үзэн энэ чиглэлийн адил төстэй БНХАУ, Япон Улс, АНУ, ХБНГУ, Филиппин, Украин зэрэг гадаадын улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн үзэл баримтлал, үнэ-тарифыг тодорхойлох арга зүйг сайтар судалсан юм.

2014 оны байдлаар дэлхийн 144 орон ирээдүйд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зорилго, зорилттой болсон, 98 орон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тэтгэх тарифын бодлогыг хэрэгжүүлж байна(хүснэгт 1). Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих квотын бодлогыг 2004 онд 11 улсад баримталж байсан бол 2013 онд даруй 79 улс болж ихээхэн нэмэгдсэн байна.

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here