Нийслэлд “Улаанбаатар марафон”-ийг тэмдэглэх хөтөлбөрийн хүрээнд “Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 18- ний өдрийн 07:00-18:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах болсонтой холбогдуулан зам хаасан цэгүүдэд, тухайлбал: Ялалтын талбай, МУИС, Зүүн 4-н зам орчим, Баруун 4-н зам орчим нийт дөрвөн цэг дээр орчны агаарын бохирдлын хэмжээг тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үетэй харьцуулсан хэмжилтийг хийлээ.
Доорх графикаас харахад тээврийн хэрэгслээс голчлон ялгардаг NO2 -азотын давхар ислийн хувьд авто машингүй өдөр энгийн өдрийнхээс 4-7 дахин бага байв.
Тайлбар: NO2-азотын давхар ислийн агууламж автомашинтай өдрийн хэмжилтээр бүх цэгүүд дээр авто машингүй өдрийн утгаас 4-7 дахин давсан үзүүлэлттэй байгаа нь тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас замын дагуух орчинд ихээхэн хэмжээгээр хаягддаг болохыг харуулж байна.
Доорх графикаас харахад тээврийн хэрэгслээс голчлон ялгардаг SO2-хүхрийн давхар ислийн хувьд авто машингүй өдөр энгийн өдрийнхээс 4-20 дахин бага байв.
Тайлбар: SO2-хүхрийн давхар ислийн агууламж автомашинтай өдрийн хэмжилтээр бүх цэгүүд дээр авто машингүй өдрийн утгаас 4-20 дахин давсан үзүүлэлттэй байгаа нь хүхрийн агууламж ихтэй түлшний шаталтаас замын дагуух орчинд их хэмжээгээр хаягддаг болохыг харуулж байна.
PM10 тоосонцрын агууламжийг доорх графикт үзүүллээ. PM10 тоосонцрын хувьд авто машингүй өдөр энгийн үеийнхээс 1 -1.8 дахин бага байв.
PM2.5 тоосонцрын агууламжийг доорх графикт үзүүллээ. PM2.5 тоосонцрын хувьд авто машингүй өдөр энгийн үеийнхээс 1.3-1.8 дахин бага байв.